Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг энэ улиралдаа багтаан баталж, хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Иймээс төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай юм. Тиймээс, амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох, газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц, дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц, түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. 
Гол нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих аж. Түүнчлэн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулах юм байна. 
Хөтөлбөрийг 2019-2023 он буюу 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгох ажээ. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан байна.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 894.500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58.500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ.