30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлэл хийлээ.  
Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж. Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байгаа юм. Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгаа аж. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон бөгөөд түрээслэх эсэхийг засгийн газраас шийдвэрлэх юм. Түрээслэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох юм байна.