Балконоо цэцэрлэгжүүлэх шийдлүүдээс

Сүүлийн үед орон сууцны тагтаа /балкон/ янз бүрээр тохижуулан ашиглах болжээ. Ажлын өрөө, амралтын өрөө, ногоон байгууламж бүхий бяцхан цэцэрлэг гэх мэт. Тиймээс урин дулаан цаг болж байгаатай холбогдуулан тагтаа цэцэрлэгжүүлж, тав тухтай амарч эко орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой юм. Дараах шийдлүүдээс санаа аваад тохижуулаарай.

Тохирсон тавилга сонгох

Кофе уунгаа ном уншаад чимээгүйхэн суух таатай орчинг бүрдүүлэхийн тулд жижиг сандал, ширээ хэрэгтэй. Эсвэл тохирсон буйдан, дүүжин сандал байсан ч болох юм. Мөн ном, сэтгүүлээ тавих тавиур, ханандаа жижиг шүүгээ тогтоож болно. Харин балконы шалыг тухайн тавилгуудтайгаа зохицсон дэвсгэр, паркет эсвэл цэцэрлэгжүүлэлттэй тохирсон хиймэл ногоон зүлэг, хөлөнд массаж хийх чулуутай эко орчныг ч бүрдүүлж болох юм.